2024.03.04 - 2024.03.08

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хувьцааг эзэмших хамгийн тохиромжтой хугацаа

бол үүрд эзэмших юм."

- Уоррен Баффет

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,049.74 нэгжид хүрч 1.68%-ийн бууралттай хаагдлаа. Монгол улсын хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд хаалттай хүрээнд 2 жилийн хугацаатай, 11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж нийт 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ. Тус бондын төлбөр тооцоо 2024 оны 3 сарын 7-ны өдөр хийгдлээ.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын 2-р сарын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлт болон цалингийн үнийн өсөлтийн мэдээ өнгөрөгч 7 хоногт зах зээлийн анхаарлыг татлаа. Эдгээр үзүүлэлтүүд нь өндөр инфляцын түвшний дарамт буурч байгааг илэрхийлэх дохиог зах зээлд өглөө. АНУ-ын эдийн засагт 2-р сард 275,000 ажлын байр шинээр бий болжээ. Энэ нь 1-р сарын үзүүлэлт болох 353,000 ажлын байртай харьцуулахад буурсан үзүүлэлт болж хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж байгаа дохиог хөрөнгө оруулагчдад өглөө. Мөн хөдөлмөрийн зах зээлд 1 цагийн дундаж орлого 2024 оны 2-р сард жилийн өмнөх үеэс 4.3% өссөн үзүүлэлттэй гарсан нь хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн зах зээлд дундаж орлого хүлээлтээс доогуур гарсан нь цалингийн үнээр дамжиж инфляцын түвшнийг өсгөх дарамтыг бууруулах эерэг нөлөө үзүүлэх юм.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 1.14%-ийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 7-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй байна. Европын төв банк инфляцын түвшнийг 2025 онд зорилтот 2.0%-д хүрч тогтворжино гэх хүлээлттэй байна. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшнийг 2026 онд зорилтот 2.0%-д хүрнэ гэх төсөөлөлтэй байна. Европын төв банк 2024 оны эдийн засгийн өсөлтийг 0.6%, 2025 оны эдийн засгийн өсөлтийг 1.5% гэж төсөөлж байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.56%-ийн уналт үзүүлсэн бол TOPIX индекс 0.64%-ийн өсөлттэй хаагдлаа. Японы иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 150 Японы иентэй тэнцэж арилжаалагдаж байсан бол 7 хоногийн эцэст 147 иентэй тэнцэж Японы иен ам.долларын эсрэг чангарлаа. Энэ нь Япон улсын төв банк 3 сарын 18, 19-д болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг эерэг болгох боломжтой гэдэг хүлээлттэй шууд холбоотой байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.63%, CSI 300 индекс 0.20%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын бодлого боловсруулагчид Ардын Их Хурлын ээлжит чуулганаар 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5% хэмээн зорилт тавилаа. Мөн улсын хөгжилд чухал ач холбогдолтой том төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор урт хугацаатай бондын санхүүжилт босгохоор ажиллаж байгааг онцоллоо. Урт хугацаатай бондын санхүүжилтийн талаар дэлгэрүүлбэл 1 их наяд юанийн (138.9 тэрбум ам.доллар) бонд босгохоор төлөвлөж байгаа аж. БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.2%-ийн өсөлт үзүүлсэн юм. Бодлого боловсруулагчдын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5% хэмээн зорилт тавьсан нь дийлэнх шинжээчдийн таамагтай нийцэж байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.08%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.71% - 0.73% болж өслөө. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжөө 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.86%-7.35%-ийн хооронд байна.

Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 12.50% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.79%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2023 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 2024.03.04 


Санхүүгийн гол үзүүлэлтүүд:

  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсөж, 390.5 тэрбум хүрсэн нь IPO-ийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн үзүүлэлт юм.

  • Компанийн нийт алдагдал 2023 оны эцсээр -2.59 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар буурч, нийт алдагдлын маржин 1 хувиар сайжирсан үзүүлэлт болов.

  • Компанийн цэвэр алдагдал 2023 оны эцсээр -32.71 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн хэдийч, цэвэр алдагдлын маржин 1.4 хувиар буурсан үзүүлэлт болов.

  • Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2022 оны жилийн эцэстэй харьцуулахад 32 хувиар өсөж, 202.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • 2023 оны эцсээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн эздийн өмчийг 61.6 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан нь 35.1 тэрбум төгрөгийн өрийг хувьцаагаар солих, үлдсэн 26.5 тэрбум төгрөг нь хөрөнгийг хувьцаагаар солих шийдвэр байв. 

  • Компанийн нийт ажиллагсдын тоо 2023 оны эцэст 3,400 гаруй болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Салбар дэлгүүрийн тоо 2023 оны эцэст 374 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89-р нэмэгдсэн байна. Энэ нь IPO-ийн төлөвлөгөөг 4 хувиар давуулсан үзүүлэлт юм. 

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

Гадаад валютын улсын нөөц жилийн өмнөхөөс 46.4 хувиар өсөж, $4.97 тэрбум болов

 2024.03.06 


Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 4.97 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанк мэдээлэв. Ерөнхийдөө 2019 оноос хойш гадаад валютын нөөц дээд түвшиндээ хүрээд байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засгаа 5 хувиар өсгөх БНХАУ-ын зорилтыг "Төлөвлөгөөгүй зорилт" гэж үзэж байна

 2024.03.06 


Эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэж, батлан хамгаалахын зарцуулалтаа нэмэгдүүлэх нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы эхний өдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяны зарласан онцлох зорилтуудын нэг байлаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, гүнзгийрсэн дефляцын дарамтад ороод буй эдийн засагт нь хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлийг сайжруулахын төлөөх энэхүү амбицтай зорилтыг биелүүлэхэд томоохон сорилтууд тулгарна гэдгийг Ли Цян хурлыг нээж хэлсэн үгэндээ хүлээн зөвшөөрсөн юм.

Дэлгэрэнгүй